Sunday, September 01, 2013

Postscript: Seamus Heaney (1939-2013)

Шүлэг унших тэвчээргүй намайг Seamus Heaney-гийн бүтээлүүд харин үргэлж татдаг авай. Түүний талаар цаасан дээр бэх дусааж үзсэн бүхэн бичиж буй энэ үед би нэмэрлэх нь илүүц гэж бодмоор. Гэхдээ бид түүний хувь нэмрийг цор ганц Англи хэлтнүүдэд, тэр тусмаа Ирландуудад хамаатай мэтээр ойлгох нь учир дутагдалтай. Сайн яруу найраг хил хязгаар, цаг хугацаагаар хязгаарлагддаггүй; магадгүй бид өөрсдийгөө ойлгоход алс холын Хийнийгийн шүлгүүд Монгол шүлгүүдээс илүү тус болж мэдэх юм.

Миний хувьд түүний Punishment шүлэг хэзээ ч үл мартагдам. Балар эртний үед хөнгөмсөг явдлаасаа болж цаазлагдсан нэгэн залуухан бүсгүйн шарилыг Британичуудтай явалдан Ирландын үндсэрхэг үзэлтнүүдэд шийтгэгдэж буй охидтой харьцуулсан энэ шүлгийг хэдэн жилийн өмнө уншаад удаан хайж явсан зүйлээ олсон мэт болж билээ.

Прүстийн "Алдагдсан Цагийн Эрэлд" дээр гардагчлан хамгийн их сэтгэл хөдөлгөсөн бүтээл гэдэг өөрт тань цоо шинэ зүйл таниулсан нь бус харин өмнө хаа нэгтээ бодож байсан зүйлийг тань яг тэр хэвээр нь цаасан дээр буулгаж чадсан нь байдаг. Миний хувьд анх хятадуудтай явалдсан гэх Монгол охидын үсийг хусч буй тухай сонсоод асар их эгдүүцсэн ч тэрхүү үндсэрхэг үзэлтнүүд яагаад тэгж балмад авирлах болсоныг бас ойлгож байв. Хийний шүлэгтээ яг тэр буруушааж байгаа мөртөө ойлгож буй дундын орон зайг харуулсан байсан юм:

I who have stood dumb
when your betraying sisters,
cauled in tar,
wept by the railings,

who would connive
in civilized outrage
yet understand the exact
and tribal, intimate revenge.

Нэг талаас магадгүй хэзээ ч арилгаж чадахгүй балар эртнээс угшилтай балмад авир, нөгөө талаас соёлжиж иргэншсэн хүний жигшил зэвүүцэл хоёрын зөрчил. Миний харж байгаагаар энэ бол яруу найрагч хүн өөрийн үүргээ гүйцэтгэж буй хамгийн тод томруун жишээ. Мань мэтийг бодвол Хийний үүнийгээ дан ганц уран яруугаар томъёолоод зогсохгүй өөрт буй тэрхүү зөрчлөө хэнээс ч эмээлгүй зоригтойгоор хэлж чадаж буй нь бишрэм. Тэгээд ч King Lear дээр “Speak what we feel, not what we ought to say” гэж гардаг байх аа?

1 comments:

random said...

http://www.humansofnewyork.com/post/59878970581/im-in-a-bit-of-an-introspective-mood-because